ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ

2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

 

 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

 2 дугаар зүйл. Газрын тухай хууль тогтоомж

2.1. Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2. Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна.

 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "газар" гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг;

3.1.2. "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;

3.1.3. "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;

3.1.4. "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;

3.1.5. "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг;

3.1.6. ”бэлчээр” гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг;

3.1.7. ”газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг;

3.1.8. “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг.

 4 дүгээр зүйл. Төрөөс газрын талаар баримтлах зарчим

4.1. Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:

4.1.1. Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх;

4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх;
4.1.3. газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;

4.1.4. газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;

4.1.5. хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх.

 5 дугаар зүйл. Газар өмчлөгч

5.1. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.
5.2. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.

5.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

 6 дугаар зүйл. Газар эзэмшигч, ашиглагч

6.1. Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.

6.2. Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:

6.2.1. бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар;
6.2.2. хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;
6.2.3. зам, шугам сүлжээний газар;
6.2.4. ойн сан бүхий газар;
6.2.5. усны сан бүхий газар.

6.3. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.

6.4.Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно.
/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

 7 дугаар зүйл. Газрын төлбөр

7.1. Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө.

7.2. Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно.

 8 дугаар зүйл. Хилийн цэс, газар усны нэр, газар усны нэрийн болон газрын сангийн зураг

8.1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр хилийн цэс, газар усны нэрийн болон газрын сангийн зурагтай байна.

8.2. Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага /цаашид “Засгийн газрын эрх бүхий байгууллага” гэнэ/ тус тус батална.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг тухайн шатны Засаг дарга, улсын хэмжээний иж бүрэн хувийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулага тус тус хадгална.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.4. Хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.5. Газар усны албан ёсны нэрийг зөвхөн Улсын Их Хурал өөрчилнө.

8.6. Албан ёсны баримт бичиг болон арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэх, газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглан бичихийг хориглоно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг татах бол энд дарна уу!


Мэдээ оруулсан: 2013-08-22