ОРОН СУУЦНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ

1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь орон сууцны талаарх төрийн байгууллагуудын бүрэн эрхийг тогтоож, орон сууц төлөвлөх, орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх нийтийн зориулалттай орон сууцны байшингийн зориулалтыг өөрчлөх болон орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 2 дугаар зүйл. Орон сууцны тухай хууль тогтоомж

2.1. Орон сууцны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг;

3.1.2. "орон сууцны дэд бүтэц" гэж орон сууцны цахилгаан, холбоо, дулаан, усан хангамж, бохир, хог хаягдлын зайлуулалт болон инженерийн бусад шугам сүлжээ, орон сууцны орчны зам, талбайг;

3.1.3. "орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа" гэж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг;
/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.4. "орон сууц өмчлөгч" гэж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагыг.

 4 дүгээр зүйл. Төрөөс орон сууцны талаар баримтлах зарчим

4.1. Төрөөс орон сууцны талаар дараахь зарчим баримтална:

4.1.1. иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх;

4.1.2. орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд зах зээлийн эдийн засгийн үндсэн шаардлагад тулгуурлах;

4.1.3. орон сууц, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, засварлах ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэх;

4.1.4. гэр хорооллын орон сууцыг тохижсон орон сууцны хороолол болгон хөгжүүлэх.

   
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРЭН ЭРХ

 

 5 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

5.1. Улсын Их Хурал орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын эмзэг хэсэг, төрийн албан хаагчийг орон сууцаар хангах төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

5.1.2. орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэхэд төрөөс олгох хөрөнгийн хэмжээг тогтоох.

 6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

6.1. Засгийн газар орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогын хүрээнд орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

6.1.2. орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авах.

 7 дугаар зүйл. Орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

7.1. Орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1. төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

7.1.2. орон сууцны төлөвлөлт, ашиглалтын норм боловсруулж батлах;
/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1.3. орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хяналт тавих;
/Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1.4. орон сууцны тухай хууль тогтоомж, дүрэм, заавар, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.5. орон сууцны мэдээллийн нэгдсэн сан байгуулах.

 8 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

8.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1. нутаг дэвсгэртээ орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон хүн амын эмзэг хэсгийг орон сууцаар хангах бодлого тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

8.1.2. Засаг даргын өргөн мэдүүлснээр нутаг дэвсгэртээ орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлах;

8.1.3. орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн төсвөөс оруулах хөрөнгийн хэмжээг тогтоох.
/Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1. нутаг дэвсгэртээ орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөл боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

8.2.2. орон сууцны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

8.2.3. орон сууцны мэдээллийн санг эрхлэн хөтөлж, холбогдох мэдээллийг орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад өгөх.

8.2.4. орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх.
/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

   
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦ ТӨЛӨВЛӨХ

 

 9 дүгээр зүйл. Орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө

9.1. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах арга хэмжээг орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

9.2. Орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөнд төв, суурин газрын гэр хороолол, барилгажсан хэсэг дэх орон сууцны хорооллуудыг хамруулна.

9.3. Орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөнд орон сууц, түүний дэд бүтэц, зам талбай, сургалт хүмүүжлийн болон үйлчилгээний байгууллагуудын байршлыг иж бүрнээр тусгана.

9.4. Орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулахад дараахь шаардлагыг биелүүлнэ:

9.4.1. тухайн нутаг дэвсгэрт орон сууцыг дэд бүтэцтэй нь хамт төлөвлөж хөгжүүлэх, орон сууц нэмж барихад түүнийг дэд бүтцийн сүлжээнд үр ашигтайгаар холбох;

9.4.2. оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах;

9.4.3. хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө, үр дагавар гаргуулахгүй байх.

9.5. Орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэлийн орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулна.

9.6. Иргэдэд орон сууцны зориулалтаар газар олгоход орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэс болгоно.

9.7. Тухайн төв, суурин газарт орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөгүй бол орон сууцны зориулалтаар газар олгоход энэ хуулийн 9.4-т заасан шаардлагыг биелүүлнэ.

   
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН СУУЦ ХӨГЖҮҮЛЭХ YЙЛ АЖИЛЛАГААГ САНХYYЖYЛЭХ

 

 10 дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх сан, түүнийг эрхлэх байгууллага

/Энэ бүлгийн нэрэнд 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.1. Орон сууц хөгжүүлэх санг орон сууцны хангамж нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд ашиглана.

10.2. Орон сууц хөгжүүлэх улсын сан нь орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын; орон сууц хөгжүүлэх орон нутгийн сан нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд тус тус байна.
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.3. Орон сууц хөгжүүлэх улсын болон орон нутгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журмыг Засгийн газар тогтооно.

/Дээрх 10 дугаар зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 11 дүгээр зүйл. Орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх

/Энэ зүйлийн нэрэнд 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.1. Орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.1.1. улсын болон аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгө;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2, 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/

11.1.2. сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.1.3. олон улсын байгууллага, гадаад улс, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хандив, тусламж;
/Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.1.4. зээлийн үйл ажиллагааны орлого;
11.1.5. үнэт цаас худалдсанаас олсон орлого;
11.1.6. бусад эх үүсвэр.

 12 дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах

12.1. Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг дор дурдсан зардал санхүүжүүлэхэд зарцуулна:

12.1.1. дундын болон хувийн өмчийн орон сууц, түүний дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах, шинээр барих;

12.1.2. энэ хуулийн 12.1.1-д заасан зориулалтаар иргэд, хуулийн этгээдэд зээл олгох;

12.1.3. хуульд заасан бусад зардал.

12.2. Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг энэ хуулийн 12.1.-д зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.

/Дээрх 12 дугаар зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 13 дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх сангийн төсвийг батлах

13.1. Орон сууц хөгжүүлэх улсын санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал жил бүр тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.2. Орон сууц хөгжүүлэх орон нутгийн санд аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвт тусгайлан зааж батална.

/Дээрх 13 дугаар зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

   
 

ТАВДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИН АШИГЛАХ

 

 14 дүгээр зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, үйлчилгээ

14.1. Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна.
/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2. Энэ хуулийн 14.1-д заасан засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг сууц өмчлөгч өөрөө хийж, эсхүл эрх бүхий мэргэжлийн байгууллага буюу хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

14.3. Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

14.4. Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай Сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.

14.5. Орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно.

 15 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх

15.1. Сууц өмчлөгч нь эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд орон сууцны зориулалт, төлөвлөлт, барилгын үндсэн бүтээц, хийц болон инженерийн шугам сүлжээг орон сууцны барилгын анхны зураг төслөөс өөрчлөхийг хориглоно.

15.2. Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны зориулалтыг өөрчлөх, уг сууцыг орон сууцны сангаас хасах, түүнчлэн сууцны төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг өөрчлөхөд тавих шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

 16 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх

16.1. Сууц өмчлөгч нь бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ сууцандаа эрхэлж болно.

16.2. Тусгай зөвшөөрөл авах шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ сууцандаа эрхлэх тохиолдолд сууц өмчлөгч нь хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авсан байна.
16.3. Мэргэжлийн хяналтын байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь орон сууцны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасны дагуу сууцандаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгана.

16.4. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн эрх бүхий байгууллага нь сууц өмчлөгчийн эрхийг шууд буюу шууд бус хэлбэрээр хязгаарлахыг хориглоно.

 17 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох

17.1. Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно:

17.1.1. химийн хорт бодистой харьцах;

17.1.2. ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах;

17.1.3. хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах;

17.1.4. цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон орон үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, пестицид ашиглах;

17.1.5. даралтат сав, уурын тоног төхөөрөмж ашиглах;
17.1.6. арьс шир, түүхий эд хүлээн авах, худалдах;
17.1.7. саун болон угаалгын газар ажиллуулах;
17.1.8. согтууруулах ундаа үйлдвэрлэх;
17.1.9. хууль тогтоомжоор хориглосон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ.

   
 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

 

 18 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

18.1. Орон сууцны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч буюу улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

18.1.1. орон сууцны дэвсгэр газар болон орчны зам, талбайг зориулалтын бусаар ашигласан, зам, талбайн хөдөлгөөнийг хаасан иргэнийг 15000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

18.1.2. ус алдах, цахилгаан таслах зэргээр орон сууц ашиглалтын журам зөрчсөн иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;
18.1.3. төв, суурин газарт зөвшөөрөлгүйгээр орон сууц барьсан иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;

18.1.4. орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн иргэнийг 40000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;

18.1.5. энэ хуулийн 17.1-д заасныг зөрчсөн иргэнийг 40000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.

18.2. Орон сууцны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэсэн эсэхийг харгалзахгүйгээр бусдад учруулсан хохирлыг нь хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлэх буюу арилгуулна.

18.3. Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 19 дүгээр зүйл. Маргаан хянан шийдвэрлэх

19.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо ерөнхий байцаагчид гаргана.

19.2. Ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.
 

   

 

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ


Мэдээ оруулсан: 2013-08-20